Ням-Осор Учрал
Н.Учрал: Залуучуудын хөгжилд зохиулагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулахгүй
-УИХ-аар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж байна. Анх удаа залуучуудын хуультай болох гэж байна. Монголы Услын залуус хүн амд олонх хувийг эзлэх болсон гэж ярьдаг. Хуулйн үзэл баримтлалаын талаар ярихгүй юу?
-Монгол Улсын хүн амын 34 хувийг 18-35 насны залуус эзэлдэг. Тиймээс цаашид Засгийн газар залуучуудыг хөгжүүлэх бодлого барихгүй бол манай улс насны бүтцийн хувьд 10 жилийн дараа нэлээлд өөрчлөлт орно. Энэ хууль гарснаар өсвөр насныхан, хөдөө орон нутагт ажиллаж байгаа залуучуудад үнэхээр их хэрэг болно. Нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалан мэдээ мэдээллийн замбараагүй байдалд шилжсэн. Ялангуяа сошиал орчин залуусын сэтгэл зүйд нэлээлд өөрчлөлт оруулж байна. Үүнээс болж амиа хорлох явдал ихэсч байгаа тул залуучуудын хөгжилд анхаарах, амьдрах ухааны чадвар суулгах, сэтгэл зүйн бүх төрлийн зөвлөгөө өгөх, гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бодлогоор дэмжих, эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэрэгт явсан байдлаар нь кредит систем тооцох гээд олон зорилт дэвшүүлсэн. 1990 оноос манай улс залуучуудын асуудал эрхэлсэн төв байгууллага агентлагтай болж байна. Агентлаг цаашид ажиллахын тулд бие даасан хуультай байх ёстой гэдэг утгаар нь уг хуулийн төслийг боловсруулсан.
-Хууль батлагдлаа гэхэд хэзээнээс хэрэгжих вэ . Агентлагтай болно гээд бодвол аймаг, дүүрэг бүрт салбартай болж таарна. Төрийн бүтэц танхайхгүй юу. Эдийн засаг хүнд байна гээд байгаа шүү дээ.
- Залуучуудын оролцоог дэмжих чиглэлд нэлээд анхаарсан. Уг хууль маань 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэнэ. Залуучуудын хөгжлийн төвийг 21 аймаг, 9 дүүрэгт бий болгоно. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга байдаг, аймаг, орон нутгийн удирдлагууд салбар зөвлөлийн дарга байдаг. Салбар зөвлөлийн даргын ажлын албанд Залуучуудын хөгжлийн төв байдаг. Залуучуудын төв нь өөрөө сэтгэл зүйчтэй, амьдрах ухааны сургагчтай байна.
Түүнчлэн холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг, асуудал тулгарлаа гэхэд орон нутгийн хэмжээнд холбон зуучилдаг, бизнес эрхлэх гэж байгаа бол жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан байгууллага руу нь зуучилдаг, бизнесүүдийг нь дэмжих тодорхой хөрөнгийг 2018 оны төсөвт суулгах жишээтэй. Бизнес эрхлэх хүсэлтэй залууст итгэлийн зээл олгох хэлбэр рүү явах, залуус бие даан амьдрах боломжийг бий болгох нь хуулийн нэг гол зорилт. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр нөхөн олговрын асуудал орж ирсэн. Бидний хувьд 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс Залуучуудын хөгжлийн тухай хуулийг хэрэгжээд явах боломжтой гэж үзэж байгаа. Энэ хууль гарснаар Засгийн газрын түвшинд, орон нутагт салбар зөвлөлөөрөө дамжуулаад асуудлаа оруулж, аймаг, орон нутаг ИТХ-аар төсвөө батлуулдаг байх юм. Гадны орнуудад бүр хувь зааж өгдөг. Манайд өнөөдрийг хүртэл ийм ойлголт байсангүй. Залуустай уулзаж байхад гэр бүлээ хэрхэн төлөвлөх вэ, яаж орон сууцтай болох вэ гэж байна. Гэр бүл төлөвлөлтийн асуудал хурцаар тавигдаж байгаа үед гэр бүл төлөвлөлтийн талаар уран сайхны бүтээл туурвихыг дэмжих зохицуулалтууд хүртэл энэ хуульд туссан. Залуу гэр бүлүүдийг орон сууцжуулах асуудлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага буюу яамтай хамтран хөтөлбөр хэрэгжүүлдэг байдал руу шилжинэ. Гадаадад сурч, ажиллаж байгаад ирсэн залуус эх орондоо ирээд ажиллах боломж тааруу байдаг. Тэгвэл хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллага нь Гадаад харилцааны яамтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх үү гээд асуудлаа шийднэ. Энэ хууль батлагдсанаар бүлэг болгонд зохицуулах хөтөлбөрүүд бий болно. Залуучуудын хөгжлийн тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын контентуудад квот тогтоож өгье гэж байгаа юм. Үүнийг нь Засгийн газар баталж, Шуудан харилцаа холбооны газраас квотыг олгоно. Эдгээрийг даган МҮОНРТ-ийн тухай хуульд өөрчлөлт орж залууст хандсан контент бэлтгэх ойлголт байгаад байгаа. Манай оюутнуудын хувьд гэхэд Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй. Түүнийг нь сургууль өөрөө зохион байгуулдаг болох юм.
-Ипотекийн зээл ч байдаг юм уу, хөтөлбөрүүд яг ямар зарчмаар хэрэгжинэ гэж?
-Гэр бүл, хүүхэд залуучуудын газар гэж бий. Хуулийг нь батлаад, Ерөнхий сайд дэргэдээ зөвлөлтэй болчихъя. Орон нутагт залуучуудын хөгжилд зарцуулах тодорхой төсвийг нь заагаад өгчихнө. Бүх түвшиндээ төсвийн асуудал шийдэгдчихнэ. Гэр бүл, хүүхэд залуучуудын газар гэж байгаа бол тэр нь яамтайгаа хамтраад орон сууцжуулах хөтөлбөрөө барилгын яамтайгаа хамтарна, эрүүл мэндийн асуудлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохицуулна. Боловсрол, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагыг энэ хуулиар зохицуулж өгч байгаа. Ерөнхий сайд өөрөө зөвлөлөө тэргүүлээд явчихаар нөхцөл байдал арай өөр болно. Мөн орон нутаг өөрөө мөнгө хуваарилах боломжтой болж байгаа юм. Залуучуудын хөгжилд зарцуулахаар хуваарилагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах боломжгүй. Зарим аймгуудад Залуучуудын хөгжлийн төв НҮБ-ын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг. Тэд амьдрах ухааны сургалт явуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гэх мэтээр залуусын хандлагыг өөрчилж байна. Цаашид залуучуудын асуудлыг залуус өөрсдөө мэднэ гэсэн үг. Бие даасан хуультай болсноор хуулийн хэрэгжилтийг нь хянах, шаардлагатай дүрэм журмыг гаргах, зарим арга хэмжээнүүдийг авах боломж бүрдэнэ. Түүнээс биш залуучуудын талаар баримтлах бодлого, төсөл хөтөлбөрүүд зөндөө л байдаг. Гэлээ гээд гарсан үр дүн нь юу билээ. Өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагыг цэгцлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ч байдаг юм уу, зөв сурталчилгаа, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай.
-Уг хууль тэгээд залуучуудын бүх асуудлыг шийдэхэд дөхөмтэй юм уу?
-Энэ агуулгын чанартай хууль. Хууль батлагдсанаар дагаж гарах хэдэн хууль, дүрэм, журам байх вэ, салбарын сайдуудын хэдэн тушаал байх вэ гэдэг дээр ажлын хэсэг байгуулаад гаргалаа гэхэд Засгийн газрыг хуулиа хэрэгжүүлээ гэдэг шаардлага тавих боломжтой болно. Залуучуудын хөгжлийн тухай хуулийг таван бүлэгт хуваана. Хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аюулгүй амьдрах хөгжих орчин гэсэн таван чиглэлд хандсан зохицуулалт хийгдэнэ.
-Та хэвлэл мэдээллийн хэрэгслийн квотын асуудлыг хөндлөө. Засгийн газар квот тогтоогоод явчихаар хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа юм биш үү?
-Ямар мэдээ, нэвтрүүлэг бэлтгэх вэ гэдгийг бид шууд заах эрхгүй. Залуучуудын хөгжлийн тухай хууль батлагдан гарснаар МҮОНРТ нэвтрүүлгийнхээ тодорхой хугацаанд контент бэлтгэх юм. Ирээдүйдээ маш шаардлагатай заалт байхгүй юу. Контентыг нь зааж өглөө ч тэр бүр залуус түүнийг үзээд байхгүй тул ямар ч байсан эерэг контент байх ёстой. Хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл залууст хандсан контент бэлтгэдэг байх хэлбэр үү орно. Мөн залуусын эрхэмлэх зүйлийг хуулиар зааж өгч байгаа.
-Ямар зүйлсийг эрхэмлэх юм бол?
-Монголын залуучуудын холбоо өнгөрсөн хугацаанд “Монгол залуу хүний эрхэмлэх зүйлс” гээд гаргасан байсныг бид тунхаг шиг уншдаг байсан. Монгол залуу хүн эрүүл чадварлаг, ёс зүйтэй, боловсролтой, соёлтой иргэн болон төлөвших, нийтэд тустай сайн дурын ажилд манлайлан оролцох, гамшгаас хамгаалах сургалтанд оролцох, хэвлэл, мэдээлэл цахим орчинд бусдыг гутаан доромжлохгүй байх гэж байгаа юм. Эдгээр эрхэмлэх зүйлс нь хуулийн зарчим нь гэсэн үг. Эрүүгийн эрх зүйн байдлын тухайн хуулиар ч юм уу, зохицуулаад явах зүйл биш. Залуу хүн юуг эрхэмлэх вэ гэдгийг хуульчлаад өгчихье гэдэг санааг агуулсан юм. Зөв хандлагыг уг хуульд тусгаж өгөхийг хичээсэн. Улс орнууд хүн амын дийлэнх хэсэгтээ анхаарал хандуулах ёстой гэж үздэг.
-Салбар зөвлөлүүдийг аймаг, дүүрэг бүрт байгуулна гээд байгаа даа. Эдийн засаг хүнд байгаа үед эдгээр газруудад салбартай Монголын залуучуудын холбоог ашиглаж болдоггүй юм уу. Зарим салбарт ТББ-уудын оролцоог нэмэгдүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн биз дээ?
-Залуучуудын хөгжлийн төв чинь Залуучуудын салбар зөвлөлийн ажлын алба байхгүй юу. Залуучуудын холбон зуучлах нэг цэгийн үйлчилгээ бол Залуучууд хөгжлийн төв гээд хуульдаа суулгаад өгчихсөн юм. Залуус тэнд ирэхэд холбож өгдөг байна. ТББ олон нийтийн байгууллагуудыг идэвхтэй оролцуулах, залуучуудад хандсан соёл арга хэмжээ зохион байгуулсан компаниудыг дэмжих зохицуулалтууд бий. Мөн оюутнуудын цагийн ажил хүртэл багтсан. 100-гаас дээш ажилтантай албан байгууллага ажилчдынхаа таван хувьд оюутныг цагийн ажилтнаар авбал төрөөс дэмжихээр тусгаж байгаа. Залуучуудын төлөө үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудыг төрөөс бодлогоор дэмжинэ. Зохицуулалтууд нь орчихсон байгаа.
Э.ЭНХБОЛД